Бүтээлүүд

TED Talks: Илтгэх урлагт хөтлөх TED-ийн албан ёсны гарын авлага

Ted Talks номд юуг өгүүлдэг вэ? Жилдээ нэг тэрбум хүртэл хүмүүс дэлхий даяар үзэж сонирхдог “TED”-ийн гайхамшигт илтгэлүүд хэрхэн бүтдэг, тэд илтгэлдээ яаж бэлддэг, ямар ямар тоног төхөөрөмж ашигладаг, яаж хүмүүст хүргэдэг талаар та ер нь сонирхож байсан уу? Тэгвэл одоо “TED”-ийн тэргүүн Крис Андерсоны бичсэн “TED TALKS” номоос та “TED” илтгэлтэй холбоотой бүх нарийн ширийнийг мэдэж авах боломжтой боллоо. Ингээд уг ном юуг өгүүлдэг талаар өгүүлдгийг дурдъя. 1. Илтгэл гэж юу вэ? 2. Илтгэлийн бүтэц ямар байх вэ? Илтгэлийн төрлүүд 3. Илтгэл тавих санаагаа хэрхэн олох вэ? 4. Илтгэл тавих үндсэн таван арга 5. Илтгэл тавихдаа гаргадаг алдаанууд 6. Илтгэлдээ хэрхэн бэлдэх вэ? Илтгэлээ давтах аргууд 7. Илтгэлээ цээжлээд ярих уу, эсвэл? 8. Үзүүлэн материал хэрэгтэй юу? 9. Илтгэлд ашиглах программ хангамж, дэлгэц, бусад нэмэлт хэрэгслүүд 10. Илтгэлээ хэрхэн эхлүүлэх ба төгсгөх 11. Тайзан дээр хэрхэн биеэ авч явах вэ? 12. Хувцсаа сонгох 13. Тайзны арын албыг зохион байгуулах 14. Тайзан дээр дуу хоолой, хөдөлгөөнөө хэрхэн зохицуулах вэ? 15. TED илтгэл яагаад гайхамшигтай вэ? 16. Илтгэх урлагийн ирээдүй, бид Хаашаа явж байна вэ?

Сэтгэл хөдлөлийн чадамж

IQ хувь тавилангаар заяагддаг уу? Магад таны боддог, төсөөлдөг чинь эндүүрэл байвал яах вэ? Олон улсын уншигч, судлаачдаар хүн бүхэн зайлшгүй унших шаардлагатай хэмээн үнэлэгдэн, хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү ном нь хүний чадамжийн талаарх түгээмэл хандлага нь хэчнээн явцуу байдгийг танд ойлгуулах болно. Анхны хэвлэлээс хойш арван жил өнгөрөхөд EQ Буюу “СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ЧАДАМЖ” гэдэг ойлголт бидний өдөр тутмын амьдралд нэвтрэн орж, бүхий л салбаруудад өргөн ашиглагдах болжээ. Тархины үүсэл хөгжил, зан төлөвийн шинэлэг судалгаануудад үндэслэн, өндөр IQ-тай хүмүүсийн зарим нь яагаад амжилтад хүрдэггүй, ердийн IQ-тай хүмүүсийн зарим нь яагаад гайхалтай сайн, үр дүнтэй ажилладаг, түүнд ямар хүчин зүйлс нөлөөлөх боломжтойг Даниел Гоулман батлан харуулсан юм. Хүүхэд насны туршлагаар аль хэдийн хэлбэр төрхөө олсон EQ буюу сэтгэл хөдлөлийн чадамжийг насанд хүрсэн хойноо ч засаж, сайжруулах боломжтой, бидний эрүүл мэнд, харилцаа, ажил хэрэгт шууд ашиг тусаа өгдөг билээ.

Төгс бус байхын гайхамшиг

Та өдөр бүр толины өмнө зогсоод бусад хүмүүст ямар харагдах талаараа бодолхийлдэг үү? Дарга, захирал, хамт олон, найз нөхөд тэр бүү хэл огт танихгүй хүмүүст хүртэл сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөрийгөө хүчилж, өөрийн сул талаа харуулахгүй хэмээн хөдөлмөрлөж та хэчнээн хугацааг дэмий үрсэн бэ? Бусад хүмүүст таалагдах гэж хичээж, сул талаа нөхөх гэж улайрах бус өөртөө эзэн байж, өөрийгөө золиослохоо болихыг доктор Браун танд зөвлөж байна. Аз жаргалтай, сэтгэл дүүрэн амьдрал гэдэг магад таны төсөөлснөөс илүү ойрхон, илүү хялбархан байсан гэвэл та итгэх үү? Жинхэнэ аз жаргалтай амьдралыг гаднаас хайгаад нэмэргүй, утга учиртай амьдрал зөвхөн таны дотор оршин буйн тухай "Төгс бус байхын гайхамшиг" ном өгүүлэх болно. Бүтээлийг уншсан: Ч.Оюунтулга Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.

Ид, Залбир, Хайрла

Их дээд сургуулиудад сурч, өндөр боловсрол, бас мэргэжил эзэмшчихээд өдөр тутмын гэр орны ажлууд, нэгэн хэвийн аахар шаахархан асуудлуудтай зууралдсаар залуу нас нь өнгөрч нэгэн насыг барна гэдэг эмэгтэй хүний хувьд хэчнээн харамсалтай билээ. Хэдий нас гуч гарсан ч амьдралын зорилго, аз жаргалын араас тэмүүлэхэд хэзээ ч оройтохгүй хэмээн зориг шулуудсан Элизабет бүсгүй нэг л өдөр өөрийн сэтгэлийн дарамттай амьдралдаа цэг тавихаар шийдэн өөрт байсан бүх зүйлээ таягдан хаяад амьдралынхаа утга учир, жинхэнэ аз жаргал, сэтгэлийн амар амгаланг олохоор дэлхийн нөгөө тал руу, алс холын тивд орших орнууд руу аялахаар явах болно. Итали, Энэтхэг, Индонез хэмээх гурван өөр шашинтай, гурван өөр соёл бүхий орнуудаар нэг жилийн турш аялж хэзээ ч төсөөлөхөөргүй газруудаас хэрхэн өөрийн аз жаргалаа буцаан авч чадсан тухай Элизабет Гилбертийн Ид, Залбир, Хайрла номоос та уншаарай.

Чи бол догь амьтан

Энэ ном бол боломжгүй, бүтэхгүй, би хүртэх эрхгүй гэдэг бодлоор өөрийгөө хуурах, эсвэл байгаадаа ханадаггүй шунал шүглэсэн махан толгой гэж өөрийгөө зүхэх, үгүй бол аав эсвэл авга эгчийн заасныг дуулгавартай сонсох ёстой гэж бодох биш, харин юу чамайг хамгийн аз жаргалтай болгож, хамгийн сайхан мэдрэмж төрүүлж, бүх зүйл боломжтой гэдгийг бодитоор нь харуулж, хэрэгжүүлэх тухай юм. Энэ бол хамгийн тодоор гэрэлтэж, хамгийн жаргалтайгаар инээмсэглэж, хамгийн хүчтэйгээр өөрийгөө мэдэрч чадах, чиний төгс хувилбарыг хэрхэн бий болгох тухай юм. Нью-Йорк Таймс сонины болон Амазоны бэстселлер, Goodreads.com сайтын хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан Жен Синсерогийн “Чи бол догь амьтан” ном. Бүтээлийг уншсан: С.Цэндсүрэн Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.

Ичиго-Ичие

Бодол санааг сатааруулах зүйлсээр дүүрэн, хөнгөн зугаа, соёлын нөлөөнд хэт автсан бид хэн хэнээ сонсохоо больж, аливааг зөвхөн гаднах өнгө үзэмжээр нь дүгнэх болсон хэдий ч хүн бүрийн дотор аливаад анхаарлаа төвлөрүүлэх, бусадтай зохицон аж төрөх, амьдралыг хайрлах хаалгыг ахин нээх түлхүүр нь оршин буй. Тэр түлхүүр бол “Ичиго-Ичие” билээ. Ичиго-ичиег бүрэн ухамсарласнаар амьдралын буулга хөнгөрч, энэ хорвоогийн шинэхэн өглөө бүр, үр хүүхэд, хайртай хүмүүстэйгээ өнгөрөөх хором мөч бүхэн хэмжээлшгүй үнэ цэнтэй, анхаарал хандуулбал зохистой онцгой чухал гэдгийг бид санаж сэрдэг. Туршлагатай аялагч цүнхэндээ авч явахаасаа илүү гэртээ орхих зүйлээ сайн мэддэг гэдэг дээ. Та амьдрал хэмээх холын аянд өдөр тутмын уур бухимдал, өнгөрсөн болон ирээдүйн айдас зовлонгоо таягдан хаяж байж л жинхэнэ аз жаргалыг мэдэрч чадна. Яг одоо мэдэрч, харж буйдаа төвлөрснөөр та эгэл амьдралын өдрүүд хэчнээн гэгээтэйг, учрах тохиол бүхэн хэчнээн жаргалтай болохыг ойлгох болно. Өгүүлэгч: Ц.Содчимэг Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2021 он.

Сайн уу, Айдас минь

Тухтай бүсдээ шигдэх дуртай хулчгар охиноос, бүтэлгүйтэл, үл тоомсорлол, саад бэрхшээлээс халгах айдсаа ялж, шүүмжлэл болон бусдын хүлээлтийг өөр өнцгөөс харж, өсөн дэвжиж чадах эрэмгий зоригтой эмэгтэй болж өөрчлөгдсөн нэгэн түүхийг танд хүргэж буйдаа баяртай байна. Та ч бас айдгаа авдартаа хийх гээд нэг зориглоод үзэх үү? Бусдын чихэнд тааламжтай сонсогддог гэж итгэсэн зүйлсээр өөрийгөө төөрөгдүүлэхгүй байж чадаж гэмээнэ бид өөрсдийн жинхэнэ төрхийг нээн илрүүлж чадах билээ. Үүнийг ухварлан ойлгож, өөрийнхөө шидээвэр хувилбар болоход тань энэхүү ном тус дэм болох нь дамжиггүй. Амьд явахын нэгээхэн утга учир энэ биш гэж үү? Тухтай бүсдээ шигдэж, урсгал даган хөвөх тусам л амьдрал алав хийх төдийд урсаад өнгөрнө. Учир нь эмэгтэй хүн байна гэдэг нь тухтай бүсдээ шигдэж үлдэх шалтаг биш, тэндээсээ гарч ирэх шалтгаан юм. Мишель Полерын өөрийнхөө айдсыг үлдэн хөөж, хүсэн мөрөөдсөн амьдралынхаа төлөө тэмцсэн энэхүү түүх нь танд амжилтын жинхэнэ дайсан нь бүтэлгүйтэл бус, тав тух юмаа гэдгийг ой тоондоо ортол ойлгуулах болно. Бүтээлийг уншсан: С.Цэндсүрэн Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.

Үл номхрохуй

Бид бусдын сэтгэлд нийцүүлж, нийгмийн хүлээлтэд тааруулж амьдрах гэж чармайхдаа өөрсдийгөө хэмлэж орхидог. Ойр тойрныхон, хайртай дотнын хүмүүсийнхээ сайн сайхны төлөө өөрийн хүслээ дарж, хүлцэнгүй номхон загнадаг. Шүүмжлүүлэхээс, хүлээн зөвшөөрөгдөхгүй байх вий гэхээс айсандаа олны аяыг дагаж, нийгмийн тулгалтыг үг дуугүй хүлээн зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч та өөрийнхөө төлөө хашаалж хорьсон тороо эвдэн гарч, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, “амин хувийн” аз жаргалаа ЭН ТЭРГҮҮНД тавих хэрэгтэй. Өөрийн жаргалыг эрэлхийлнэ гэдэг амиа бодсон хэрэг огт биш. Жаргалтай хүн л ойр тойрондоо аз жаргал түгээж чадна шүү дээ. Энэ бүхэн амаргүй, эвгүй санагдах нь мэдээж. Гэхдээ өөрийнхөө урмыг хугалах, бусдын урмыг хугалахын аль нь танд илүү хохиролтой вэ? Та бол торонд хоригдож номхорсон сургуультай адгуус биш, ан ав хийж, агаар зүсэн хурдлахаар заяагдсан сүрлэг үчимбэр юм. Өгүүлэгч: С.Цэндсүрэн

Хэзээ

Та ямар ч номын дэлгүүрт ороод үзвэл аливаа зүйлсийг хэрхэн хийх талаар дэндүү олон ном бий. Хүмүүст хэрхэн нөлөөлөх вэ, хэрхэн мөнгө хийх вэ, сарын дотор хэрхэн гадаад хэлээр ярьж сурах вэ гэх мэт. Эдгээр номыг “хэрхэн хийх” гэдэг нэг төрөлд хамааруулж болно. Тэгвэл таны гартаа атган буй энэ ном маань “хэзээ хийх” гэдэг огт өөр төрлийн ном юм. Энэ ном танд зөв цагийг сонгох тухай өгүүлнэ. Зөв цагийг сонгох нь амжилтын амин сүнс гэдгийг бид ойлгодог хэр нь, харамсалтай нь туйлын мөчидхөн гадарладаг. Амьдрал маань “хэзээ” гэдэгтэй холбоотой эцэс төгсгөлгүй шийдвэрүүдээс бүрддэг билээ. Жишээлбэл чухал уулзалтыг хэзээ төлөвлөх, ажлаа хэзээ солих, хэзээ гэрлэх, хэзээ гүйх, шалгалтаа хэзээ өгөх гэх мэт. Гэтэл бид энэ шийдвэрүүдийг гаргахдаа зүгээр л таамаглаж зөнгөөрөө хийдэг. Завшаантай нь эдүгээ, хүний бие махбодын талаарх шинэ эриний, өндөр түвшний судалгаануудаас бид энэ олон “хэзээ” гэсэн асуултуудад хариулт олж, амьдралдаа цагийг нь олсон, үр дүнтэй шийдвэр гаргах боломж бүрджээ. Угтаа цагийг зөв сонгох нь өөрөө урлаг болой. Бүтээлийг уншсан: Б.Пүрэвдагва Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.

Амжилт өөд

Амжилтыг мөнгө, эрх мэдэл төдийхнөөр л хэмждэг ойлголт нийгэмд идээ бээр мэт буглажээ. Иймэрхүү амжилтын нас нь богино. Мөнгө, эрх мэдэл гэдэг хоёр хөлтэй хэврэгхэн сандалтай адил учраас та хэсэгхэн хугацаанд дэнжигнэн тогтоод байж болох боловч аажимдаа ойчиж унахаас өөр замгүй. Өөрийн хүсэн мөрөөддөг, тэнүүн сайхан амьдралаар амьдаръя гэвэл бидэнд мөнгө, эрх мэдэл гэгч хоёр хэмжүүрээс илүү, амжилтыг хэмжих гуравдагч хэмжүүр хэрэгтэй болно. Бие, сэтгэлээрээ эрүүл, саруул ухаантай, аливаа сайхныг гайхан биширч, мэдэрч чаддаг, бусдад өгдөг хүмүүсийг л амжилттай сайхан амьдарч яваа гэж хэлж болох мэт. Тиймээс сандлын гурав дахь хөл буюу жинхэнэ амжилтын үүтгэл болох “Гуравдагч хэмжүүр” төрөн гарсан билээ. Өөрийн амьдралын хэв маяг, эн тэргүүнд тавьж чухалчилдаг зүйлсийнхээ эрэмбийг өөрчилж эхэлснээр би энэхүү хандлага дэлхий дахинд эрчээ авч буйг олж харсан юм. Бид шинэ эринд хөл тавьж байна. Амжилтыг тодорхойлох хуучны хэмжүүр өөрчлөгдөж байна. Өгүүлэгч: С.Цэндсүрэн 'MBOOK' студид бүтээв.

Манлайлагчид сүүлд нь иддэг

Хүн бүрийн дотор өөрийн байгууллага, хамт олноо араасаа дагуулж, удирдан манлайлах нууцхан хүсэл бий. Гэхдээ, Манлайлах гэдэг маань яг юусан билээ. Ажилчдаа харцаараа хөдөлгөдөг чанга даргыг манлайлагч гэх үү? Эсвэл компанидаа ашиг орлого ихээр авчирдаг хүнийг манлайлагч гэх юм уу? Ер нь хүн болгонд бусдыгаа манлайлах боломж бий юу? Бид гэр бүл, ажил, хамт олон, найз нөхөд гээд өдөр тутамдаа манлайллын үнэнтэй нүүр тулж байдаг. Та дарга, цэрэг аль нь байсан ч ялгаагүй удирдах эсвэл удирдуулах гэсэн сонголттой учрах болно. Бид яаж ч хөгжсөн, хэчнээн цахим эринд шилжсэн ч гэлээ хүмүүсийн амьд харилцаанаас зайлсхийх чадахгүй бөгөөд удирдан манлайлах зарчим хэзээ ч өөрчлөгдөхгүй юм. Таны мэргэжил, чадамж ямар ч бай та манлайллын жинхэнэ бодит үнэнийг мэдэлгүйгээр ажил амьдралын харилцаанд оролцох нь дайнд гар нүцгэн орохоос юуны ялгаа. Амь өрссөн чухал шийдвэр гаргах, гэр бүл хамт олныхоо төлөө хариуцлага хүлээх үед бидний бие махбод хэрхэн ажилладаг, тархинд ямар үйл явц өрнөдөг талаар та заавал мэдэх шаардлагатай. Удирдлага, манлайллын уг үндсийг бодит амьдрал дээр, хүний биеийн эд эсийн түвшинд хүртэл нарийвчлан тайлбарлаж, цомхон хамт олноос томхон корпорац хүртэл хэрхэн өөдлөн дэвжих талаар энгийн ойлгомжтойгоор өгүүлэх, дэлхийн гуч гаруй оронд орчуулагдан гарсан алдарт “Манлайлагчид сүүлд нь иддэг” номыг танд санал болгож байна. Бүтээлийг уншсан: Э.Алтангэрэл Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.

Ганц зүйл

Албан тушаал дэвших, фитнест явах, гадаадаар аялах, эсвэл мөнгөө цуглуулах ер нь юу ч бай гол нь та яг алинаас нь эхэлж ханцуй шамлан орох гэж байна даа. Бүгдийг нь болгохоор зэрэг зүтгэнэ гэж өөрийгөө битгий хуураарай. Учир нь амжилтад хүрэх нууц гэж ердөө л хамгийн чухлаас нь эхэлж, зөв хийх болохоос, бүхнийг хийхээр дайрахыг хэлдэггүй гэнэ. Угаас хүмүүн гэдэг нэг зэрэг олон төрлийн ажлыг яг ижил чанартай хийж чаддаггүй ажээ. Таны тархи нэг л зүйлд бүх анхаарлаа төвлөрүүлэхээр заяагдсан. Та биологийн энэхүү үнэнтэй нүүр тулан эвлэрч чадваас цаашид гарах ахиц чинь санаанд оромгүй гайхалтай байх болно. Тийм ч учраас энэхүү номыг “Ганц Зүйл” хэмээн нэрлэсэн юм. “Ганц Зүйл” танд аливаа асуудлыг хэрхэн чухлаас нь эрэмбэлэхийг зааж, тэрхүү ганц зүйлд төвлөрснөөр ажлын бүтээмжээ хэрхэн нэмэгдүүлэх талаар зөвлөх болно. Дэлхийн 38 оронд хэвлэгдэн гарсан Гарри Келлер болон Жей Папасан нарын хамтын бүтээл “Ганц Зүйл – гайхалтай амжилтад хүрэх санаанд оромгүй энгийн нууц” номыг танд зориулж байна. Бүтээлийг уншсан: Б.Пүрэвдагва Найруулагч: Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.

Ази хоолны дэглэм

Та, жингийн илүүдэлтэй америк болон гоолиг ази хүний биеийн галбирын ялгааг өмнө нь анзаарч байсан нь лавтай. Таргалалт хэмээгч зүйл хүмүүн төрөлхтний шүдний өвчин болсон төдийгүй таныг энэхүү номыг уншин буй дор ч даамжирсаар байна. Таргалалт, өөхлөлт үүсгэгч хэргийн эзэн маань бид бүгдийн эртний танил буруу хооллолт болон буруу зуршил ажээ. Зүй нь бид, ихэнх хүмүүсийн тулгардаг илүүдэл жин болон таргалалтаас үүдэх тал бүрийн өвчнөөс сэргийлэхийн тулд, эрүүл хоол, зөв зуршил, тэнцвэртэй амьдралын талаар дорнын олон мянган жилийн гайхамшигт өвийг амьдралдаа нэвтрүүлэн, хэрэгжүүлэх учиртай юм. Харамсалтай нь дорно дахины энэ агуу мэдлэгээс хүртэх сонирхолтой хэн бүхэнд зориулсан, энгийн хүн ойлгохоор гарт ойр ном товхимол ховор ажээ. Учир иймд би, өөрийн хийсэн шинжилгээ, судалгааны ажлыг голчлон, мөн бусад баримт сэлтээс эш татан, хэнд ч ойлгомжтой, сэтгэлд нь таарсан ном бичихээр шийдсэн болой.

Франц бүсгүйчүүд таргалдаггүй

“Франц бүсгүйчүүд дуртай бүхнээ иддэг ч таргалдаггүй. Яагаад тэр вэ? Эмэгтэйчүүд бидний ихэнх нь гадаа гарч эр, дотор орж эм болон, эрэгтэйчүүдийн төсөөлж ч үл хүчрэх олон ажлыг зэрэг амжуулдаг. Дээр нь бид гоолиг сайхан байдлаа хадгалахын хажуугаар эрүүл байх арга сүвэгчлэх хэрэгтэй. Гэвч үнэн хэрэгтээ эмэгтэйчүүд бидний талаас илүү хувь нь үйлээ үзэж, дэглэм барилаа ч тогтвортой, хэвийн жингээ хадгалж чаддаггүй. Үүнээсээ болоод есөн шидийн цуу ярианд автаж, турах хялбар арга хайн, огцом арга хэмжээ авдаг талтай. Хоолны дэглэмийн хувьд ингэж болчимгүй хандах нь танд агшин зуурын үр дүнгээс өөр юу ч өгөхгүй. Тэгээд л дараа нь зорилгоо умартаж, буцаад идэж эхлэх ба нэг бол бууж өгнө, эсвэл дараагийн үлгэрийн араас хөөцөлдөж эхэлнэ. Тиймээс би танд Франц бүсгүйчүүдийн хоол хүнс болон амьдралын тэнцвэрээ хадгалж чаддаг, цагийн уртад шалгарсан арга ухаанд суралцахыг зөвлөж байна. “Франц бүсгүйчүүд таргалдаггүй” хэмээх эл номоо би ажил мэргэжлийн дарамт, хувийн стресс, хорин нэгдүгээр зууны нийгмээс бидэнд тавьсан элдэв хавхтай нүүр тулж буй бүхий л бүсгүйчүүддээ зориулж байна. -Мирей Гильяно”

Z үеийн нөлөө

Одоогийн залуучууд... гэх үгийг бишгүй л сонссон биз дээ. Тэд үнэхээр цуг ажиллахад тийм хэцүү хүмүүс гэж үү? Том жижиг ямар ч хамт олны дунд асуудлыг шийдвэрлэхийн төлөө гар нийлэн, хамтран ажиллахад хөлд тээглэдэг үе хоорондын ялгаатай байдал хэмээх бул хар чулуу бий. Угаасаа л өөр хоорондоо ялгаатай байх ёстой мэтээр хүлээгээд авчихсан учраас учрыг нь олж, хужрыг нь тунгаая ч гэж бодолгүй харин ч эсрэгээрээ өөр өөрсдийнхөөрөө зүтгэж, үзэл бодлоороо талцан хуваагдаж, хоорондын зааг ялгаагаа улам л гүнзгийрүүлээд байдаг. Бүгд нэгэн зорилго, алсын хараан дор нэгдэн нийлж байж амжилтад хүрэх учиртай байтал ийм хандлагатай бол ямар ч байгууллага хол явахгүй. Цагийн аясаар бид өөр өөрийн үеийнхээ итгэл үнэмшилд бүрэн автаж, аливаа инновац, түйвээлтэд дурамжхан хандаж, өөрсдийн хүчин зүтгэлээр олж авсан мэдлэг туршлага, эрх мэдэл, нөлөөллөө хамгаалах гэж муйхарлан зүтгэцгээдэг. Тэгвэл ингэж үе болгон ялгах нь үеэ өнгөрөөсөн ойлголт болсон бол яах вэ? Өдөр сараар бус, хором эгшнээр хэмжигдэн өрсөлдөж буй дэлхий ертөнц маань, улам эрчээ авч буй технологийн хурдаар, хил хязгааргүй харилцаа холбоо, боловсролын хүртээмж, амьдралыг хөнгөвчлөх инновацад чиглэсэн цоо шинэ, үеэс ангид дэлхий ертөнц рүү дөтөлж байгаа бол яах вэ? Z үеийн нөлөөгөөр удаан хугацаанд хүн төрөлхтнийг зааглан тусгаарлаж байсан үе хоорондын олон зааг ялгаанууд үгүй болж байна. Өнгөрснөө харвал төдийгөөс өдий хүртэл явж ирсэн ганц л зам бий. Харин урагш харвал ирээдүйн зүг хөтлөх хязгааргүй олон салаа зам зурайна. Хойш чангаах зангуу бус урагш ахиулах боломжийг олгож байгаа нь Z үеийн гол нөлөө юм. Харин та, танай байгууллага Z үед бэлэн үү? Бүтээлийг уншсан: Э.Алтангэрэл Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.

Scrum

Хоёр дахин их ажлыг, хоёр дахин бага хугацаанд хийх нь Хорин жилийн өмнө анх үүссэн Скрам арга нь анхлан программ хангамжийн салбарт түгсэн бөгөөд өнөөдөр цахиурын хөндийд аливаа төслийг хэрэгжүүлэх цорын ганц арга болсон билээ. Аливаа ажлыг хийх хоёр арга байдаг: Үеэ өнгөрөөсөн “Хүрхрээ” арга нь ямар нэг олигтой үр дүнд хүргэхгүй мөртөө өч төчнөөн мөнгө үргүй зарцуулж орхино. Харин “Скрам” арга ашиглан цөөн хэдэн хүмүүстэй ажиллахад богино хугацаанд, бага зардлаар маш сайн үр дүнд хүрдэг юм. Итгэмээргүй санагдаж байж магад, гэхдээ бидний ажлын бодит үр дүн үүнийг бэлээхэн нотлоод өгнө. Уламжлалт арга барил ашиглах үед компаниуд баахан бичиг баримт, график зураг, хүснэгт боловсруулах шаардлагатай болдог. Ямар нэг алдаа гаргахгүй байх, төсөв хэтрүүлэхгүй байх, төлөвлөсөн хугацаанд ажлаа дуусгах гээд “биелэгдэшгүй даалгавар” л гэсэн үг. Хүснэгт бол хүмүүсийн хүсэл мөрөөдлийг хязгаарлаж цөхрөлд хүргэдэг зүйл. Харин Скрам арга барил нь төслийн явцыг үүссэн нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөх, түүнд зохицох чадвар маш өндөр, өөрөө өөрийгөө удирдан чиглүүлэх бололцоотой шинэлэг тогтолцоо юм. Энэ аргыг зөвхөн программ хангамжийн салбарт ашигладаггүй. Скрамыг автомашин үйлдвэрлэл, угаалгын газар, сургууль, соёл урлагийн салбар, сансрын хөлөг бүтээх, хуримын төлөвлөгөө гаргах, тэр ч бүү хэл манай эхнэр хүртэл надаар хагас, бүтэн сайнд хийлгэх ёстой ойр зуурын гэрийн ажлуудыг энэ аргыг ашиглан төлөвлөдөг юм. Та энэ номоос ажлын бүтээмжээ сайжруулах үндсэн арга барилтай танилцаж, хүмүүс яагаад аливаа тооцоо, таамаглал гаргахдаа үргэлж алдаа гаргадаг болох, яагаад илүү цагаар ажиллах нь төслийн гүйцэтгэлийг удаашруулдаг вэ гэх мэт асуултын хариултыг олж авах болно. Би та бүхэнд хувь хүмүүс, эрдэмтэд, мэргэжлийн байгууллагуудын олон жилийн турш хийж ирсэн судалгаа, аппликейшн болон тэдгээрийг хэрхэн Скрам арга барилд нэгтгэн оруулж ашиглах болсон, мөн Скрамыг ажил амьдралдаа ямар замаар хэрэгжүүлж болох тухай танилцуулах болно. Бүтээлийг уншсан: Б.Пүрэвдагва Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.